Далайн түвшнээс дээш 1856-2069 метр өргөгдсөн, байгалийн эрс тэс уур амьсгалтай, физик газар зүйн хувьд Хангайн уулархаг мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 8 балл.Сумын нутаг дэвсгэр нь 300.4 мянган га газар нутагтай нутгийн 20 гаруй хувь нь малын бэлчээр, хадлан тариалангийн талбай эзэлдэг.
Нийт газар нутгийн хэмжээ 300446 га.
Сумын хэмжээнд 69772 толгой малтайгаас тэмээ байхгүй, 6142 адуу, 9092 үхэр, 31689 хонь, 22849 ямаа байна.
Дэд бүтэц, зам харилцаа сайн хөгжсөн, зах зээлд ойрхон Орхон аймгаас 30 км, Булган аймгаас 55 км, Улаанбаатар хотоос Бугат сум хүртэл 410 км зайтай үүнээс 380 км зам нь хатуу хучилттай хар замтай газраар 5-6 цаг явдаг.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 2 гүний худаг, 5 м3 багтаамжтай 2 усан сан, 45 м3/хоног хүчин чадалтай 2 насос станц, 50 м3/хоног хүчин чадалтай 1 ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмж, цэвэр усны 1.42 км урт шугам хоолой байгаа боловч 2 усан сан ашиглалтаас гарч гүний худгаас усыг шууд насосоор татан шугам хоолойгоор түгээж байна. Төвлөрсөн ус хангамжийн системд 50 өрх, 3 аж ахуйн нэгж, 2 ус түгээх байрнаас нийт 119 өрхийн иргэд усаа авч хэрэглэж байна.
Сумын хэмжээнд 1988 онд анхны 8 айлын нэг орон сууц баригдсан бөгөөд бусад нь амины орон сууц болон гэр сууц юм. Тогтвортой амьжиргаа төслийн хүрээнд 2011 онд төрийн албан хаагчийн 1 сууцыг барьсан. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.
А.Амарын нэрэмжит суурь боловсролын сургууль нь 1938 онд 2 багш 28 сурагчидтай Бухын наран хэмээх газар бага сургууль болон байгуулагдаж, 1980 оноос 8 жилийн сургууль, 1997 онд А.Амарын нэрэмжит сургууль болон 2006 оноос 9 жилийн сургууль болсон.320 хүүхдийн хичээлийн байр, 60 хүүхдийн хүчин чадалтай дотуур байртайгаар сургалт хүмүүжлийн ажил явуулж байна. 2012-2013 оны хичээлийн жилд суурь боловсролын сургуульд 13 багш, 21 ажилтан, 9 бүлэгт 128 хүүхэд сурч байгаагаас 1-5 ангид 68, 7-9 ангид 60 хүүхэд сурч байна. Анги дүүргэлт дунджаар 15 хувь, хамран сургалт 47.5 хувь, мэргэжлийн багшийн хангалт 93 хувьтай, сургалт явуулах 13 анги кабинет, цахим номын сан бүхий уншлагын танхим, биеийн тамирын заал талбайтай. Дотуур байранд малчин өрхийн 30 хүүхэд сууж байна.Эдгээр аймгийн төвийн сургуульд тус хүүхдүүд шилжин суралцаж байна.Төрийн өмчийн " Хусхан" цэцэрлэгт 50, гэр цэцэрлэгт 80 хүүхэд хамрагдаж , сургуулийн өмнөх боловсролын хамралт 94 хувьд хүрсэн.
Тус сумын цэцэрлэг нь 1968 онд партизан нэгдлийг түшиглэн 1 багш 2 ажилтантай байгуулагдсан. 1999 онд суурь боловсролын сургуулийн дотуур байрны хойд жигүүрийн 2 давхарт 54 хүүхэдтэй 5 ажилчидтай үйл ажиллагаа явуулж байна. Төрийн өмчийн "Хусхан" цэцэрлэгийн хамран сургалтанд 54 хувь, гэр цэцэрлэгт 50 хүүхэд, хувилбарт сургалтанд 103 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 93 хувьд хүрсэн.Цэцэрлэг нь тусдаа байргүй дотуур байрны нэг жигүүрт байрладаг, стандартын бус барилгад үйл ажиллагаагаа явуулж байна.Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр стандартын бус барилга байгууламжийг шинэчлэх шаардлагатай гэсэн зөвлөмж өгдөг. Бага насны хүүхдийн сурч хөгжих эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа болно. Цаашид хүүхдийн хамран сургалтыг нэмэгдүүлэх боломж байгаа боловч байрны асуудал стандарт хангахгүй тул орчин үеийн стандартын шаардлага хангасан 75 хүүхдийн байр шинээр барих шаардлагатай.
Суманд бүртгэлтэй ажилгүй 9 иргэн байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэдийн 56 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 22 хувийг дээд, 4 хувийг тусгай дунд, 11 хувийг бүрэн дунд, 63 хувийг бүрэн бус дунд боловсролтой хүмүүс тус тус эзэлж байна.
Бугат суманд улсын төсвөөр Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын ажлын гүйцэтгэл дууссан, хүйтний улирал эхэлсэн тул гадна тохижилт хийгдээгүй байгаа бөгөөд 2013 оны 5 дугаар сард гадна тохижилтын ажлыг дуусган гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөл Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл Тогтвортой амьжиргаа-2 төсөл, 2012 онд дууссан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд Монголын мянганы сорилтын сангийн төсөл 2013 оны 9 сард дуусна
Бугат сум бол хүн арддаа билэг онгод хайрлаж, анагааж, тайтгаруулж, өөдлөхөд нь түшиж, хазайхад нь тулж байдаг уул, ус, ургамал ногоо нь жигдэрсэн өгөөмөр сайхан хангай, цул эрдэнийн газар шороо бөлгөө. Чингисийн удмын хана сайт төрийн түшээ, 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, Эрдэнэ дайчин Чин ван М.Ханддорж, төрийн гарамгай зүтгэлтэн, мэргэн сайд А.Амар нар энэ нутагт төрж өсөн өндийж, улс Монголынхоо төлөө амь насаа зориулсан билээ. Төрийн алтан буулга мэт цааз эрхэмжийг бэхжүүлэх үйлсэд хичээнгүйлэн зүтгэж, Булган нутгаас тодорсон Улсын Дээд Шүүхийн дөрвөн гишүүний хоёр нь Бугатынх. Тэд бол Монгол Улсын Гавьяат хуульч А.Загд, Г.Бяраадамба нар юм. Төрөлх авьяас, ур дүй, ухаан чадлаараа од болон гялалзсан Ардын зураач, Төрийн шагналт Н.Жамбаа, Ардын жүжигчин, Төрийн шагналт Х.Уртнасан, Гавьяат багш доктор, профессор Д.Шагдар, гавьяат жүжигчин М.Дорждэрэм, С.Цэцгээ нар энэ л нутгийн удамтай билээ. Мөн ажлын амжилт, хөдөлмөр бүтээлээрээ шалгарсан улсын ургацын аварга Н.Дондог, Улсын аварга малчин М.Даваасүрэн, П.Үртэнбямба, улсын аварга мэргэжилтэн С.Урган нарын зэрэг хөдөлмөрийн сайчууд Бугатчуудын бахархал юм.
Боловсрол: | 0.431429000 |
Эрүүл мэнд: | 0.679063333 |
Эдийн засаг: | 0.294405714 |
Бусад: | 0.679140000 |
Дэд бүтэц: | 0.452566666 |
Байгаль орчин: | 0.833335000 |
Хуурай сэрүүн цаг агаартай, зундаа сэрүүвтэр, өвөлдөө цас их унадаг. зундаа +23 +31 хэм дулаарч, өвөлдөө -23 -34 хэм хүйтэрч цас их унадаг. 1 дүгээр сарын дундаж температур -26.5 С 7 дугаар сарын дундаж температур +16.5 С+27.6 С жилийн дундаж салхины хурд 4-6 м/с жилийн хур тунадасны нийлбэр 300-400 мм
Орон нутгийн төсөв:Сумын төсвийн нийт орлого нь 138.4 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 137 сая төгрөг, сумын өөрийн орлого 3.3 сая төгрөгийн орлогоос бүрддэг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 266.8 сая төгрөг байна. Нийт зардлын 60.5 хувь нь цалин, 6.7 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 23.7 хувийг урсгал шилжүүлэг, 9.1 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд төсвийн болон хувийн нийт 36 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж, улсын төсөвт 41.5 сая, орон нутагт 141.8 сая, нийт 183.3 сая төгрөгний татвар төвлөрүүлж байна.
Сумын хэмжээнд 3014 га тариалангийн талбай ашиглаж байна. Үр тариа эрхэлдэг 5 аж ахуйн нэгж байгууллага 1910 га газар ашигладаг бөгөөд 1104 орчим га газрыг төмс хүнсний ногоо, тэжээлийн ургамал тариалж байна. 2012 онд тус сум 393 га-д үр тариа тариалсан. Үүнээс буудай 363 га, 30 га тэжээлийн ургамал байна. 73 га төмс, 35 га хүнсний ногоо, 19 га-д жимс, жимсгэнэ тариалсан байна.
Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Шилэн кабель интернетийн сүлжээнд холбогдсон, үүрэн телефон ашигладаг. Өнөөдрийн байдлаар сумын төвд 3 км замыг гэрэлтүүлэх гэрэлтүүлгийн ажлыг орон нутгийг хөгжүүлэх сангийн 29.8 сая төгрөгийн хөрөнгөөр хийж гүйцэтгээд байна.
Сумын төвд 4 төвлөрсөн уурын зуух ажиллаж байна. Үүнээс ЗДТГ 1, эрүүл мэндийн төв 1, ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн харъяа 2 зуух байна.
Бугат сумын эрүүл мэндийн төв нь анх 1952 онд үүсгэн байгуулагдсан. 1975 онд их эмчийн салбар болон өргөжиж, улмаар 1984 онд 8 ортой эмнэлэг, 2008 онд 10 ортой эмнэлэг шинээр ашиглалтанд орсон ба 2011 оноос эрүүл мэндийн төв болон үйл ажиллагаагаа явуулж байна.Тус эмнэлэг нь нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг голлон эмнэлэгийн анхан шатны тусламжийг чанартай, тэгш, хүртээмжтэй хүргэхийг зорин ажиллаж байна. Их эмч 2, багийн эмч 2, эх баригч 1, дүн бүртгэгч эмч 1, арга зүйч 1, сувилагч 4, асрагч 4, галч 4, тогооч, жолооч, ня-бо тус бүр 1 нийт 22 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Бугат суманд 10 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 12 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 42 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 493, осол гэмтэл 23, халдварт өвчлөлийн 22 тохиолдол гарсан байна.
Соёлын төв нь 1946 онд Улаан булан нэртэйгээр байгуулагдаж байв. Улаан булан нь 1993 онд соёлын төв болон өргөжсөн. 1987 онд ашиглалтанд орсон 200 хүний суудалтай соёлын төвийн дүнзэн барилга нь ашиглалтын шаардлага хангахаа байж мэргэжлийн хяналтын дүгнэлт гарч үйл ажиллагаагаа зогсоосон байна. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг байсан нь зогсоод байна.Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 3 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 1 цэг, үсчин гоо сайхны 1, гутал засварын 1, оёдлын 1, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.
Бугат сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан сум юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2009 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 200 га-аар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал: Орон сууц, олон нийтийн бүс 2400 га Үйлдвэрлэлийн бүс 1.3 га Ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 2000 га Хөдөө аж ахуйн бүс 1000 га Зуслангийн бүс 500 га2012 оны байдлаар 269 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 118 га газар өмчилж, 381 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 203.7 га газар, 1 иргэн, үйлдвэрлэлийн зориулалтаар 1.3 га газар, 119 иргэн 5 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 3014 га газар эзэмшиж байна.
Анх гэрийн хана, унь хийх хувиараа эрхлэх аж ахуй байгуулан үйл ажиллагаа явуулж байгаад 2009 онд “ЦУУЛБАР-ӨРГӨӨ” ХХК байгуулагдсан. Булган аймагтаа сор бүтээгдэхүүн болж чадсан цуулбар хана, унь иж бүрэн гэрийн модыг уламжлалт технологиор цуулбарлан хийдгээрээ онцлог юм. Цуулбар гэрийн сийлбэртэй мод, модон эдлэл хийдэг онцлогтой.
Тус сум нь “Үндэсний болон орон нутгийн язгуур эрх ашгийг дээдлэн, ирээдүйдээ итгэлтэй урам зориг бүхий хувь хүн, өрх гэрийн хөгжлийг эрхэмлэсэн баялгийг бүтээгч, шударга иргэд зонхилсон хариуцлагатай нийгмийг төлөвшүүлэх” зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд: Зах зээлийн чөлөөт өрсөлдөөн, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэн эдийн засгийн чадавхи бааз суурийг нэмэгдүүлж, олон тулгуурт өөрийгөө тэтгэх чадвар бүхий тогтвортой эдийн засгийн салбаруудыг хөгжүүлж, төр хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэх Шударга өрсөлдөөн, сонголтод суурилсан, хамгийн чанартай эрүүл мэндийн оношлогоо, эмчилгээ, үйлчилгээ авах боломжийг иргэн бүрт олгох замаар хүн амын эрүүл мэндийг сайжруулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, эмнэлгийн тусламж үйлчилгээг шинэ шатанд гаргах Олон улсын стандартад нийцсэн, хөрвөх чадвартай боловсролыг эзэмшүүлж, хүүхэд, багш нэг бүрийг хөгжүүлэх, боловсролын чанар, хүртээмж, өрсөлдөх чадварыг сайжруулан, иргэдэд мэргэжил олгох, бүтээмжтэй ажиллах ур чадвар, соёл эзэмшүүлэх сургалт, үйлчилгээг өргөжүүлэх Байгаль орчин, байгалийн нөөцийн давуу байдалд тулгуурлан нөөц баялгийг зохистой ашиглах уламжлалт болон орчин үеийн хэв шинжийг хослуулан хөгжүүлэх замаар байгалийн баялгийг нөхөн сэргээж, унаган төрх байдлыг хамгаалах, иргэдийг экологийн цэвэр эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг дээшлүүлэх Төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод нээлттэй шуурхай байдлыг ханган хариуцлага, хяналтыг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болгон мөрдүүлэх, хүнд сурталгүй авлигаас ангид төрийн шударга үйлчилгээг бий болгох