ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Монгол улсын шинэ Үндсэн хуулинд Монгол улсын Засаг захиргааны нэгж аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо байна гэж заасны дагуу 1994 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Чойбалсан хот нь Хэрлэн сум болон зохион байгуулагджээ. Чойбалсан хот нь Дорнод аймгийн төв бөгөөд Хэрлэн сум 10 багтай, 12,0 мянган өрх, 41,7 мянган хүн амтай, нийт хүн амын 48 хувь нь төвлөрсөн хангамжтай орон сууцанд амьдардаг. Анх 1821 онд Халхын Сэцэнхан Шолойн удмын Минжүүрдорж бэйсийн санаачилгаар шашин номын жасаа болон хошуу Тамгын газар бүхий сууринг барьж байгуулан шавыг тавьж, 1826 онд жасаа, Тамгын газар баригдаж байжээ. Улмаар 1923 онд Ардын засгийн газраас баталсан тогтоол, дүрмийн дагуу Баянтүмэн Хан–Уулын хошууны төв, 1931 оноос “Баянтүмэн” аймгийн төв, 1938 оноос БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Баянтүмэн хотын захиргааг байгуулах шийдвэр гарч, одоогийн Чойбалсан хот анх үүсэн байгуулагдсан байна. Ардын Хувьсгалын 20 жилийн ойгоор буюу 1941 онд Чойбалсан хот болон өөрчлөгдсөн. Манай хотынхон 1939 оны Халх голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайны хүнд жилүүдэд эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалах ариун үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, тэмцэл, ялалтын найдвартай ар тал болж, иргэнийхээ үүргийг нэр төртэй биелүүлсэн юм.


Баруун, баруун хойд зүгийн агаарын урсгалаар ирэх чийгийн ихэнх нь Хэнтийн нуруунд саатдагаас дорнод тал нутаг сэрүүн хуурайдуу уур амьсгалтай байдаг. Жилийн 251-260 өдөр нь нартай цэлмэг.Жилд дунджаар 150-300 мм тунадас унаж, цаг агаарын дундаж температур өвөлдөө хасах -21,7 хэм, зундаа +21,7 хэм байдаг.Чойбалсан хотын 01 болон 07 дугаар сарын агаарын дундаж температур1 дүгээр сарын дундаж температур -21.7 С7 дугаар сарын дундаж температур +21.7 С Жилийн дундаж салхины хурд 3-3.6 м/сЖилийн хур тунадасны нийлбэр 240-260 мм


Нийт газар нутгийн хэмжээ 28084 га.

Мал сүрэг


Мал аж ахуй Сумын хэмжээнд 96109 толгой малтайгаас 310 тэмээ, 11541 адуу, 10815 үхэр, 44032 хонь, 29411 ямаа байна. Нийт малаас хээлтэгч мал 43858 буюу бүх малын 45.6 хувийг эзэлж байна. Сумын хэмжээнд 443 малчин өрхийн олон мянган толгой мал Хэрлэн, Булган, Чойбалсан, Сэргэлэн, Матад, Чойбалсан сумдын нутагт өвөлжиж, хаварждаг. Мал сүргийн бүтэц, хувиар Сумын хэмжээгээр цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 205 толгой мал тоологдсон нь нийт малын 0,2 хувь байна. 213 малчин өрх, 521 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 6,1 хувийг эзэлдэг.

Зам тээвэр


Хэрлэн суманд зүүн бүсийн төмөр замын гол өртөө Баянтүмэн УБТЗ-ын тасаг байрладаг бөгөөд Баянтүмэн-Эрээнцавын /Соловьёвск/ 238 км урт өргөн царигийн төмөр замтай. 2013 онд хэвтээ тэнхлэгийн Мянганы зам, хатуу хучилттай авто замаар нийслэл Улаанбаатар хот, Өндөрхаантай холбогдох бүтээн байгуулалтын ажил явагдаж байна. Аймгийн төвд 30 орчим км хатуу хучилт бүхий замтай. Бусад замууд бүгд шороон зам байдаг.Нисэх онгоцны томоохон буудалтай бөгөөд олон улсын нөөц буудал болно. Хэрлэн сумаас Баруун-Урт руу шороон замаар явдаг бөгөөд Хэрлэн гол дээгүүр модон гүүрээр гарна.

Ус хангамж


“Дорнод Нийтийн Аж Ахуй” ХХК нь анх “Ус суваг ашиглалтын товчоо” нэртэйгээр 1969 онд байгуулагдсан бөгөөд “Ус суваг ашиглалтын газар”-ын материаллаг бааз дээр тулгуурлан орон сууц ашиглалтын нэг контор, хоёр анги, хот тохижилтын газрын зарим хэсгийг нэгтгэн байгуулагдсан. Одоо хотын 395 аж ахуйн нэгж байгууллага, гэр хорооллын 26.0 мянга орчим иргэд, орон сууцны 3590 өрхийн 8000 орчим оршин суугчдыг хэрэгцээний халуун, хүйтэн ус, дулаанаар хангах, гарсан бохир шингэнийг байгаль орчинд халгүйгээр татан зайлуулж цэвэрлэх үүрэг зорилтоо хэрэгжүүлэн ажиллаж байна Дулаан түгээх, Дулаанаар зохицуулалттай хангах, Усны тоолуур суурилуулах, засварлах зэрэг тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Цэвэр ус хангамжийн алба нь гүний 8 худаг, төмөр шүүх станц, ус ариутгах төхөөрөмж, 6000 м3 багтаамж бүхий ус нөөцлөх сав, хоногт 28300 м3 ус дамжуулан шахах хүчин чадал бүхий хангамжийн нэгдсэн цогцолбороор 47.5 км ус түгээх шугамаар хотыг цэвэр усаар тасралтгүй хангаж байна. Хотын цэвэр ус хангамжийн 47.5 км, бохир усны 25.1 км, орон сууцны 62 км нийт 134.6 км шугам сүлжээ, том жижиг нийлсэн 52 нэгж байна. Гэр хорооллын иргэдийн усан хангамжийн зориулалтаар цэвэр усны шугамд холбогдсон 20, зөөврийн 12 усан сан ажилладаг.

Дулаан хангамж


Хэрлэн сумын дулааны хэрэгцээг цахилгаан станц бүрэн хангаж байна. Дулааны шугамд 679 аж ахуйн нэгж, байгууллага, орон сууцны 5843 айл өрх холбогдсон. Дулааны зохицуулалтыг Дорнод нийтийн аж ахуй компани цэвэр, бохир усны хамт нэгдсэн зохицуулалтаар хэрэгжүүлдэг.

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Тус сумын хэмжээнд хүн амын 52 хувь нь гэр хороололд амины орон сууцанд болон гэрт, 48 хувь нь төвлөрсөн сүлжээтэй тохилог орон сууцанд амьдардаг.

Боловсрол


Сумын хэмжээнд ерөнхий боловсролын 9, хувийн хэвшлийн 2 сургууль, сургуулийн өмнөх боловсрол олгох улсын 10, хувийн 2 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. 2012-2013 оны хичээлийн жилд дээрх сургуулиудад нийт 8841 хүүхэд хичээллэж байгаагаас 6 настай 1 дүгээр ангид 868 хүүхэд шинээр элсчээ. Төрийн өмчийн ерөнхий боловсролын 9 сургуульд 719, хувийн хэвшлийн 2 сургуульд 65, нийт 784 багш, ажилтан, албан хаагч ажиллаж байна. Сургуулиудад 516 багш (бага ангийн багш 162, дунд ангийн багш 205, ахлах ангийн багш 149) ажиллаж байгаа бөгөөд мэргэжлийн багшаар 100 хувь хангагдсан. Цэцэрлэгийн 76 бүлэгт 3506 хүүхэд хүмүүжиж, 310 багш, ажилчид ажиллаж байна. Хэрлэн суманд Политехник коллеж болон Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд мэргэжилтэй ажилтан бэлтгэхээс гадна Дорнод дээд сургууль орон нутагт дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж байна.

2 дугаар сургууль


Тус сургуулийн барилга нь 1983 онд ашиглалтад орсон, 240 хүүхдийн суудалтай, тоосгон хийц бүхий барилга. Спорт, урлагийн заал, гал тогоо, багш, ажилтнуудын ажлын өрөө байхгүй. 

5 дугаар сургууль


Тус сургуулийн барилга нь 1981 онд ашиглалтад орсон, тоосгон хийц бүхий 3913,2 м2 талбайтай, хичээлийн байрны зориулалттай барилга юм. 

8 дугаар сургууль


Тус сургууль нь 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрладаг. 1991 онд ашиглалтад орсон уг барилга нь 2434,6 м2 талбайтай, хичээлийн байрны зориулалт бүхий тоосгон барилга. 

11 дугаар сургууль


Тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр сургууль нь хичээлийн байр, суралцагчдын дотуур байр бүхий 2 обьекттой. Хичээлийн байр нь зориулалтын бус барилга бөгөөд анги танхимын талбайн хэмжээ стандарт бус барилгад байрладаг.

1 дугаар цэцэрлэг


Тус цэцэрлэгийн барилга нь 1979 онд ашиглалтад орсон, 720,6 м2 талбайтай, тоосгон барилга. 120 хүүхдийн ортой уг цэцэрлэгт 180 хүүхэд хүмүүжиж байна. Цаашид цэцэрлэгийн барилгыг өргөтгөх шаардлагатай.

3 дугаар цэцэрлэг


Тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар цэцэрлэг нь 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгыг 2012 онд ашиглалтад хүлээн авсан. Төмөр бетон хийц бүхий уг барилга нь 1188,4 м2 талбайтай. 

5 дугаар цэцэрлэг


Улаанбаатар төмөр замын Баянтүмэн өртөөний ажилчдын хүүхдийн цэцэрлэгийг 2012 онд орон нутгийн өмчид шилжүүлэн авсан. 150 хүүхдийн хүчин чадалтай, 6 бүлэг бүхий уг цэцэрлэг нь 5 бүлгээр ажиллаж байна. Барилга нь 1982 онд ашиглалтад орсон, тоосгон хийц бүхий 980 м2 талбайтай, барилгын чанар сайн. Сантехникийн шугамд засвар үйлчилгээ хийгдэж байгаагүй, бүрэн шинэчлэх шаардлагатай. Мөн дээврээс ус гоождог зэрэг хүндрэлүүд бий.

8 дугаар цэцэрлэг


10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах тус цэцэрлэгийн барилга нь 1986 онд ашиглалтад орсон, 1500 м2 талбайтай, тоосгон барилга. Нийт 12 бүлэгт 320 гаруй хүүхэдтэйгээр сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна. Тухайн барилга нь ашиглалтад орсноос хойш иж бүрэн засварт орж байгаагүй, хатуу эд хогшлыг шинэчлэх шаардлагатай.

11 дугаар цэцэрлэг


1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр цэцэрлэг нь цэргийн түр сууцны зориулалттай модон хийц бүхий, стандарт бус барилгатай юм. Нийт талбай нь 3720 м2. Тус бүр 46,2 м2 талбай бүхий 8 модон барилгаас бүрддэг.

14 дугаар цэцэрлэг


6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах тус цэцэрлэг нь 1986 онд ашиглалтад орсон, хүүхдийн цэцэрлэгийн зориулалт бүхий барилга. Төмөр бетон хийцтэй, 1987 м2 талбайтай. 280 хүүхдийн ортой цэцэрлэгт одоогоор 350 гаруй хүмүүжиж байна.

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв


1963 онд “Сургууль комбинат” нэртэйгээр байгуулагдсан. 1964 онд “Барилгын техник мэргэжлийн сургууль” болон өргөжсөн. 1991 онд “Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн төв” болж мэргэжлүүдийн хүрээгээ өргөтгөж, сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. МСҮТ-ийн барилга нь 1973 онд ашиглалтад орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжтай. 7 дугаар багт байршилтай, 400 суралцагчдын хүчин чадалтай, одоогоор 11 мэргэжлээр 670 гаруй суралцагч суралцаж байна. Сургуулийн барилгад сургалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт 2008 онд гарсан тул төвийн барилга, байгууламжийн их засвар, дотуур байрны өргөтгөл, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх шаардлагатай.

Эрүүл мэнд


Тус суманд “Ягаан цээнэ”, “Мянган жаргалан”, “Асралт үйлс” гэсэн өрхийн эрүүл мэндийн 3 төвийн 20 их эмч, 20 сувилагч 41.7 мянган хүнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг. Эрүүл мэндийн төвүүдтэй сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Эрүүл мэндийн газар гурвалсан гэрээ байгуулан, хүн амын эрүүл мэндийн үйлчилгээ чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах тарилгат болон халдварт өвчин гаралтыг бууруулах, жирэмсэн эхийн хяналтыг сайжруулах, эрүүл мэндийн сургалт, сурталчилгааг чанаржуулах зорилтуудыг ханган ажилладаг. 2012 оны байдлаар 927 эх амаржсан, нийт төрсөн хүүхдийн 924 нь амьд төрөлт байв. 0-1 насны хүүхдийн эндэгдэл 17, нярайн эндэгдэл 7 гарч, эхийн эндэгдэл 1 гарсан байна. Халдварт өвчин 810 тохиолдол бүртгэгдсэн нь 10000 хүн амд 199.0 оногдож байна. Эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, өрхийн эмнэлгүүдийн ажиллах нөхцлийг сайжруулах зорилтын хүрээнд 7 дугаар багийн нутаг дэвсгэрт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 180.0 сая төгрөгний өртөг бүхий өрхийн эмнэлгийн 2 давхар шинэ байрыг барьж ашиглалтад оруулав.

Спорт заал


Аймгийн Биеийн тамир, спортын газрын барилга нь 2011 онд ашиглалтад орсон. 500 хүний суудалтай. Нийт 1080 м2 талбайтай. Аймгийн хэмжээнд зохион байгуулагдаж буй спортын бүхий л төрлийн үйл ажиллагаа, уг төв зааланд зохион байгуулагддаг. 

Шашин сүм хийд


Тус сумын хэмжээнд 5 сүм, хийд байдгаас буддын 3, христийн 2 сүм байна. Тухайн хийдүүдэд нийт 21 лам, хуврага, санваартан ажиллаж байна Буддын Данрагданжаалан төв хийд сүсэгтэн олонд үйлчилж байна. Мөн Зурхайчдын хийд 9 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд нийтдээ 9308 ажилгүй иргэд байгаагаас бүртгэлтэй ажилгүйчүүд 1054 хүн байна. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 499 хүн буюу 47,3 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Боловсролын түвшингээр нь авч үзвэл 178 хүн буюу 16,8 хувь нь дээд, 343 хүн буюу 32,5 хуь нь тусгай дунд, 404 хүн буюу 38,3 хувь нь бүрэн ба бүрэн бус дунд, 129 хүн буюу 12,2 хувь нь бага болон боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна. Сумын Засаг даргын Тамгын газраас “Хүн амын өрхийн бүртгэл”-д суурилсан өрх, хүн амын амьжиргааны түвшинг тогтоох судалгааг зохион байгуулж, судалгаанд хамрагдвал зохих 11409 өрхөөс 9272 өрх буюу 81.2 %, 41258 хүн амаас 33776 буюу 81.8 % хувийг хамруулж, амьжиргааны нөхцөл байдлыг нарийвчлан судалж, нийт өрхийн 2019 нь буюу 21.7 % нь нэн ядуу, 2154 өрх буюу 23.2 % нь ядуу, 2803 өрх буюу 30.2 % дундаж 2296 өрх буюу 24.7 % нь боломжийн амьдралтай нь тогтоогдсон.

Барилга


Хотын хэмжээнд инженерийн шугам сүлжээнд холбогдсон 319 барилга байгууламж байгаагаас 1-6 давхар орон сууцны 192 барилга, төрийн захиргаа, агентлаг, хэлтэс, албадын 28 барилга, боловсролын 25, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай 74 барилга байгууламж байна. Орон сууцны барилгын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж жилд 250-300 өрх шинээр тохилог орон сууцанд орж амьдрах орчин нөхцөлөө сайжруулж байна. 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт шинээр эдэлбэр газартай 535 айлын орон сууцны жишиг хороолол барихаар төлөвлөн энэ онд 200 айлын орон сууцны барилгын дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний ажилд 600.0 сая төгрөг төсөвлөж, орон нутгийн төсвөөс 350.0 сая төгрөгийг шийдсэнээр инженерийн шугам сүлжээ, цэвэр ус, дулааны шугамуудыг шинээр татаж, 16 айлын орон сууцны барилга баригдаад байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


ММСС-ын Хот орчмын бэлчээрийн төсөл Эмзэг бүлгийн хүн амын хүнсний баталгаат байдлыг сайжруулах төсөл Эрүүл мэндийн төсөл Канад сан төсөл Өвсний үндэс Наадам төсөл Мэдээллийн эрин Худаг Эрүүл мал сүрэг

Сумын сор бүтээгдэхүүн


ДОРНОД ГУРИЛ Дорнод гурил ХХК нь 1959 онд Гурил, тэжээлийн үйлдвэр нэртэйгээр байгуулагдсан. Жилд 12000 тн буудай хүлээн авч 9000 тн гурил, 5000 тн малын тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай. Эх, хүүхдийн хоол тэжээлийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд гурилыг төмөр, эрдэс, амин дэмээр баяжуулан үйлдвэрлэж байна. Тус компанийн амжилтаас дурдвал: 2006 онд “Үндэсний бүтээмж” шагнал 2006, 2007 онуудад “Зүүн бүсийн түншлэл” үзэсгэлэнгээс алтан медаль 2007 онд “Хөдөө аж ахуйн үзэсгэлэн”-д амжилттай оролцож тэргүүн байр Тус компанийн хамт олон зүүн бүсийн хүн амыг эрүүл, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах төдийгүй үр тариа, төмс, хүнсний ногооны тариалалтаар тэргүүлэн ажиллаж байна.

Сумын сор бүтээгдэхүүн


Дорнод ус БД ХХК нь 2009 оноос эхлэн хүн амыг ундны цэвэр усаар хангах зорилгоор “Дорнод” цэвэр ус үйлдвэрлэж байна. Цэвэр усыг 130 метрийн газрын гүнээс олон давхар шүүлтүүрээр, дээд зэргээр ариутгасан цэвэр орчин, технологийн нарийн горимын дагуу шүүж гаргадаг бөгөөд 0,5 л, 1,5 л, 19 л-ийн савлагаатайгаар хэрэглэгчдэд хүрч байна.

Сумын сор бүтээгдэхүүн


ТОЛГОЙТ ХИАМТус компани нь 1997 оноос ажилласан хувийн хэвшлийн анхны хиамны үйлдвэр бөгөөд хэрэглэгчдийг байнга хиам болон мах махан бүтээгдэхүүнээр ханган нийлүүлж ирлээ. 6 нэр төрлийн махан болон хиаман бүтээгдэхүүнийг Монгол улсын хүнсний аюулгүй байдлын стандартанд нийцүүлэн амт, чанартай, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн байдлаар нь үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. “Эрүүл хүнс-Чанартай бүтээгдэхүүн”-2004 үзэсгэлэн худалдаанаас “Эрүүл ахуйн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, 2005-2006 онд “Зүүн бүсийн түншлэл” үзэсгэлэн худалдаанаас “Эрүүл-Чанартай бүтээгдэхүүн” өргөмжлөлөөр шагнагдсан. 2007 онд БНХАУ-ын Хайлаар, ОХУ-ын Чита хотод болсон гурван улсын үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцсон.

Сумын сор бүтээгдэхүүн


БУРИАД ТАЛХТус компани нь 1992 онд байгуулагдаж, буриадын уламжлалт гэрийн аргаар барьдаг талхыг технологийн хувьд боловсруулж үйлдвэрлэлийн зориулалттай болгосон. Аймагтаа талхны борлуулалтын 50 орчим хувийг эзэлж, талх, нарийн боов, хими цэвэрлэгээ, цайны газар, дэлүүр, хил худалдаа гэсэн үндсэн чиглэлтэйгээр 26 ажилтантай ажиллаж байна. “Онхоодой Өндөр” ХХК нь цаашид хөдөөгийн сумдын хүн амыг талх, талхан бүтээгдэхүүнээр хангаж, зах зээлд байр сууриа бэхжүүлэн бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуйн ферм байгуулж саалийн үнээ, үхэр бордох, өсгөж үржүүлэх зорилт тавин ажиллаж байна. 

Сумын хөшөө дурсгал


Бөмбөгдөлтийн хөшөө Тус хөшөө нь Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр дэх “Бөмбөгтэй хөшөө” бөгөөд 1939 оны 6-р сарын 27-нд Баянтүмэн хотыг Японы хүнд бөмбөгдөгч онгоцууд бөмбөгдсөний гэрч, баатарлаг түүхт хотынхоо талаар залуус хойч үедээ мэдүүлэх, манай хотын дээгүүр дайны хар сүүдэр дахин бүү нөмрөөсэй гэсэн утгатайгаар байгуулсан юм. 1939 оны 6-р сарын дундуур Тамсаг булгийг Япончууд бөмбөгдсөн бол 6-р сарын 27-нд Баянтүмэн хотыг бөмбөгдөж хашаа, байшин, машин, хөсөг олноор устаж, 5 хүний амь насыг хохироосон тул Дорнод аймгийн даргын онц чухал тушаал гарч Баянтүмэн хотыг байлдааны цагийн журамд шилжүүлэн агаарын довтолгоонд бэлтгэх ажил эхэлсэн бөгөөд “ Агаар” гэсэн дохио өгмөгц хэн боловч нуувчинд орж хорогдох, “Агаар” гэсэн дохио өгөхөд хонх цохиж байхыг Хотын захиргаа , Цагдан сэргийлэхэд даалгасан тухай Дорнод аймгийн архивын материалд тэмдэглэсэн байна.

Сумын хөшөө дурсгал


Чойбалсангийн хөшөөЧойбалсангийн хөшөө нь Хэрлэн сумын 3 дугаар багийн нутагт байдаг. Одоогийн Дорнод аймгийн төв Чойбалсан хотыг “Баянтүмэн” гэж нэрлэгдэж байгаад 1941 оноос Х.Чойбалсангийн нэрээр нэрлэгдэх болсонтой холбогдуулан энэхүү хөшөөг 1947 онд урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Чойдогийн эх загвараар Монгол улсын хошой баатар маршал Хорлоогийн Чойбалсангийн хөшөөг бүтээсэн юм. Уг хөшөө нь одоогийн аймгийн төв музейн урд талд байрладаг.

Сумын хөшөө дурсгал


ЗХУ-ын баатар Н.Ф.Гастеллогийн хөшөө Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах уг хөшөөг Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалах хэрэгт оруулсан ОХУ-ын баатар Н.Ф.Гастеллогийн гэгээн дурсгалд зориулж түүний гавьяа зүтгэлийг үнэлэн 1970 онд байгуулжээ. Чойбалсан хотын 10 жилийн дунд сургуулийг АИХ-ын тэргүүлэгчдийн 1970 оны 5 сарын 8-ны өдрийн зарлигаар Н.Ф.Гастеллогийн нэрэмжит болгосон юм.1939 онд Японы милитаристуудын эсрэг дайн, 1941 оны эх орны дайнд баатарлагаар тулалдаж явсан Николай Францевич Гастеллогийн командалсан бөмбөгдөгч онгоцны эскадрил, фашизмыг эсэргүүцсэн эх орны дайны анхны өдрөөс эхлэн дайсны танк, автомашин, зэвсэг хэрэгслийн агуулах, галт тэрэгний цувааг бөмбөгдөн дайсанд ихээхэн хохирол учруулан, эрэлхэгээр тулалджээ. Дайны үед шатаж байгаа онгоцоороо фашистын танк, шатахуун бүхий машин руу дайрч баатарлагаар амь үрэгдсэн ахмад Н.Ф.Гастеллод ЗХУ-ын баатар цол нэхэн шагнасан байна.

Сумын хөшөө дурсгал


Кукушкины бунхан хөшөөУг хөшөө нь Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутагт Чойбалсан хотын төвөөс хойш 2 км-т байрладаг. Тус бунхант хөшөө нь 1939 оны Халхголын дайнд Монгол дайчидтай мөр зэрэгцэн тулалдаж алтан амиа алдсан генерал, арван офицер, цэрэг дайчдын бунхан бүхий дурсгалт газар юм. Мөн энхийн бүтээн байгуулалтын үед Чойбалсан хотод амьдарч ажиллаж байсан баатарлаг ахан дүүсийн оршуулга ч бий. Энэхүү бунхант хөшөөг 1965 онд сэргээн засварлаж тохижуулах талаар Ю.Цэдэнбал дарга санаачлан тогтоол гаргаж, тохижуулах ажлыг Дорнод аймгийн барилга трестийн ажилчид хийж гүйцэтгэжээ.. 2002 онд бунхант хөшөөг Чита хотын тусламжаар дахин тохижуулсан.

Сумын хөшөө дурсгал


Орос Монгол залуучуудын найрамдлын хөшөө Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутагт байрладаг. Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн 60 жилийн ойг тохиолдуулан Чойбалсан хотноо 1981 онд зохиогдсон ОХУ-ын Чита муж, Дорнод аймгийн залуучуудын “Найрамдлын наран дор” сэдэвт анхдугаар чуулга уулзалтын үеэр босгосон. Тус хөшөөг Монгол, Орос улсын залуучуудын найрамдал, хамтын ажиллагааны билэг тэмдэг болгон босгосон. Хөшөөг нээж Дорнод аймгийн хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны 1 дүгээр нарийн бичгийн дарга Т.Ганболд, Чита мужийн комсомолын хорооны 2 дугаар нарийн бичгийн дарга В.С.Валентин нар үг хэлж байжээ.

Сумын хөшөө дурсгал


Хэрлэн сумын 7 дугаар багийн нутагт орших Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн хөшөөг 1998 онд түүний мэндэлсний 90 жилийн ойгоор Аймгийн төв номын сангийн өмнөх талбайд бүтээсэн. Ц.Дамдинсүрэн нь орчин үеийн уран зохиолын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан хүн юм. Мөн аймгийн төв номын санг Засгийн газрын 1998 оны 3 дугаар 28-ны өдрийн 52 тоот тогтоолоор Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит болгосон.

Сумын хөгжлий зорилт


Чойбалсан хотоо цэцэглэн хөгжүүлэх, бүтээн байгуулалтыг чанартай, үр дүнтэй, иргэдийнхээ өдөр тутмын амьдралд ээлтэй орчин бүрдүүлэхүйцээр хийж гүйцэтгүүлэх, хот төлөвлөлтийн бодлогыг баримталж хэрэгжүүлэх, улмаар орчин үеийн тохижилт соёлжилттой, дэд бүтэц нь үсрэнгүй хөгжсөн, нийгэм соёл, үйлдвэрлэл үйлчилгээний цогцолбор төв болгох, хүн амынхаа амьдралын чанарыг сайжруулах, хүний хөгжлийн түвшинг дээшлүүлэх, айл өрхийн гишүүдийг ажилтай, орлоготой, амьжиргааны эх үүсвэртэй байлгах, нийгмийн халамж, хамгааллыг зохих эздэд нь хүргэх, сумын эдийн засгийн хөгжлийн үр ашгийг дээшлүүлэх зорилго тавьж, дараах зорилтуудыг хэрэгжүүлж байна. Үүнд: - Хотын санхүүжилтийг чадавхжуулах стратеги боловсруулж, аж ахуйн бие даасан байдлыг гадаад дотоод нөөц боломжоор хангах, - Ажлын байр нэмэгдүүлж буй ААН, байгууллагуудыг урамшуулан дэмжих, хамтран ажиллах, - Импортыг орлох, зах зээлд өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих, ашигт малтмалыг боловсруулах үйлдвэр байгуулах, - Жижиг дунд үйлдвэрлэлийн сүлжээ бий болгох, - “Нэг суурин-нэг бүтээгдэхүүн” хөтөлбөрийг хэрэгжүүлж, сор бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, - Байгаль орчинд халгүй үйлдвэрлэл, экологийн хувьд цэвэр бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг хөгжүүлэх, - Хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний хангамжид дотоодын үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь орон нутгаасаа хангах, - Газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээх, - Хүн амын махны хангамжийг жигд байлгах, жижиглэн худалдааны үнэ өсөхөөс урьдчилан сэргийлэх, - Гадаад худалдаа, бөөний худалдааг хөгжүүлэх, - Хот орчмын бүсэд хөдөө аж ахуйн эрчимжсэн үйлдвэрлэл, фермийн аж ахуйг хөгжүүлэх, - Байгалийн нөөц (газрын тос, уран, холимог металл, нүүрс)-д түшиглэн, аж үйлдвэрийн парк байгуулах, - Мянганы замын хэвтээ ба босоо тэнхлэгийн дагуу ОХУ, БНХАУ болон Өндөрхаан хоттой хатуу хучилттай замаар холбох, - Одоо байгаа төмөр замыг ОХУ, БНХАУ-тай хамтран үр ашигтай ашиглах, БНХАУ-тай Нөмрөг чиглэрээр төмөр замаар холбох, ингэснээр Ази-Европыг холбосон 2 дахь замтай болох, - Аялал жуулчлалын төв байгуулан, үйлчилгээг сайжруулах, - Өрхөд түшиглэсэн бэлэг дурсгалын, малчин өрхөд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, дэмжиж ажиллах, - Дэлхийн аялал жуулчлалын өдрийг Чойбалсан хотын хэмжээнд жил бүр тэмдэглэж, олон нийтэд сурталчлах, амралтын баазуудын тоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын чиглэл бүхий ном, цахим хуудастай болох.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.613365000
Эрүүл мэнд: 0.792716666
Эдийн засаг: 0.391954285
Бусад: 0.575955000
Дэд бүтэц: 0.349600000
Байгаль орчин: 1.000000000


Чойбалсан хот нь нийслэл Улаанбаатар хотоос 655 км, Хэнтий аймгийн Өндөрхаан хотоос 334 км, Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотоос 200 км зайд оршдог. Хойд талаараа Адуунчулууны нүүрсний уурхай, урд талаараа Хэрлэн гол, баруун, зүүн талаараа жижиг гүвээ толгодоор хүрээлэгдсэн 28,0 мян га талбай бүхий нутагтай, уртаашаа 20 км сунаж тогтсон Монгол улсын том зэрэглэлд ордог хот юм.


Далайн түвшнээс дээш 890-1099 м өргөгдсөн, талын бэсрэг нам уулс ухаа толгод, гүвээ, тэдгээрийн хоорондох дэрст хоолой бүхий нутаг юм. Байгалийн мужлалаар Дарьгангын үлдмэл цулдам уул, галт уулын бэгэлцэг, суурьт өндөрлөг тал, хотгор бүхий хуурай хээрийн дэд муж гэсэн хэсэгт багтана.


Орон нутгийн төсөв Орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөө 2012 онд 851.4 сая төгрөг байсан бол 255,8 сая төгрөг буюу 130.4 хувиар давж биеллээ. Сумын нийт зарлага 1078.3 сая төгрөг төлөвлөгдөж, үүнээс сумын ИТХ-ын үйл ажиллагааны урсгал зардалд 78.6 сая, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны урсгал зардалд 581.1 сая, Засаг даргын нөөцийн санд 307.2 сая төгрөгийн санхүүжилтийг тус тус олголоо. Сумын хөрөнгө оруулалтыг зардлыг нэмэгдүүлэн 111.4 сая төгрөгийн бүтээн байгуулалт, тохижилтын ажил хийв. Бүтээгдэхүүн үйлдвэрлэл Тус суманд 2012 оны эцсийн байдлаар 11630.3 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 10899.4 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан нь өмнөх оноос 27.0-28.7 хувиар нэмэгдсэн байна. Адуунчулуун ХК 224.9 мянган тонн нүүрс олборлосон бол ДБЭХС ХК 56061.0 мян.квт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 116296 мян.Г.калори дулаан хэрэглэгчдэд түгээжээ. Дорнод гурил ХК 3116.5 тн гурил, 1161.9 тн хивэг, 397.5 тонн талх үйлдвэрлэлээ. Бусад хүнсний үйлдвэрүүд 84.1 тн талх, нарийн боов, 39.9 мян л сүү, сүүн бүтээгдэхүүн, 2.7 мян.л архи, 3.4 мян.л дарс, 343.4 мян.л цэвэр ус, 3.8 мян.л жүүс тус тус үйлдвэрлэж дотоодын хэрэгцээнд нийлүүлэв. Холбооны газрын нийт орлого 207.7 сая төгрөгт хүрсний 20.9 хувийг хүн амаас орсон орлого эзэлж байна. Шуудан тээврийн газар 3.3 мянган зорчигч тээвэрлэж, 48.0 мянган хүн км-ийн зорчигч эргэлтийн ажил гүйцэтгэн, Айсвн ХХК 11.1 мянган зорчигч тээвэрлэж, 7304.6 мянган хүн км-ийн зорчигч эргэлтийн ажил хийн 26663.4 мян.төгрөгийн орлоготой ажиллажээ. Дорнод нийтийн аж ахуй ХХК нь 731.0 сая төгрөгийн орлоготой ажилласны 25.2 хувийг хүн амын хэрэгцээнд нийлүүлсэн ус борлуулалтын орлого эзэлж байна. Тус суманд хүнсний 46, барилгын болон төмөрлөг, модон материалын хийцийн 29, ХАА-н 65, ахуй үйлчилгээний чиглэлийн 17, нийт 157 жижиг дунд үйлдвэрлэлийг иргэд, аж ахуйн нэгж эрхэлж нийт 777 хүн ажиллаж байна.

Газар тариалан


2012 онд 242 өрх, 19 аж ахуйн нэгж 110.6 га-д тариалалт хийснээс 587,1 тн төмс, 284,4 тн хүнсний ногоо хураан авлаа. Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чацаргана” хөтөлбөрийн хүрээнд тус сумын 29 аж ахуйн нэгж, байгууллага, иргэд 29100 ш чацарганын суулгацыг хөнгөлөлттэй зээлээр авч 27,2 га талбайд суулгасан байна. Сумын хэмжээнд аж ахуйн нэгж, иргэд 4821,8 тн өвс хадлан бэлтгэв.

Цахилгаан хангамж


Чойбалсан хотын Цахилгаан станцын суурийг 1967-06-17-ны єдєр тавьж, эхний ээлж 1967-1970 онд ЗСБНХУ /хуучин нэрээр/-ын техник, эдийн засгийн тусламжаар 12 мВт-ын хүчин чадалтайгаар баригдан ашиглалтад орсон.Тус станц нь Адуунчулууны уурхайн 13 хувийн үнслэг, 47 хувийн чийглэг, 2350 ккал/кг илчлэг бүхий хүрэн нүүрсээр ажилладаг. 1979-1982 онуудад өргөтгөл хийгдэж шинээр БКЗ-75-39/фб маркийн 3 зуух, ПТ12-35/10 маягийн 2 турбогенератор суурилуулан станцын хүчин чадал 36 мВт болсон юм. 1998-2002 онд ХБНГУ-ын зээлийн хөрөнгөөр 2 үе шаттайгаар шинэчлэл хийгдэн БКЗ-75-39фб маягийн 3 зуух компьютерийн удирдлагатай болж, хими ус цэвэрлэгээнд бүрэн автомат удирдлага бүхий эсрэг Осмосын төхөөрөмж суурилагдсан. 2004-2008 онд Дэлхийн банкны зээлийн хөрөнгөөр цахилгаан, дулааны шугам сүлжээний алдагдал бууруулах төсөл хэрэгжсэн. 2001-2008 онуудад Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн Зүүн бүсийн хөдөө орон нутгийн сумдыг цахилгаанжуулах бодлогын хүрээнд Дорнод болон Сүхбаатар аймгийн нийт 17 сумыг Дорнод бүсийн эрчим хүчний сүлжээнд холбож, төвлөрсөн цахилгаан хангамжийн нэгдсэн сүлжээнд шилжүүлсэн. ОХУ, БНХАУ-аас тус аймгийн 2 сум импортын ЦЭХ-ээр хангагдаж байгаа бөгөөд нийт 38 сум, багийн 22673 айл өрх, 1582 аж ахуйн нэгж, албан байгууллага, уул уурхайн 4 ордын баяжуулах, олборлох үйлдвэрүүдийг 6, 10, 15, 35, 110 кВ-ын цахилгаан дамжуулах, түгээх агаарын шугамаар цахилгаан эрчим хүчээр хангаж байна. 

Ариутгах татуурга


“Дорнод Нийтийн Аж Ахуй” ХХК нь анх “Ус суваг ашиглалтын товчоо” нэртэйгээр 1969 онд байгуулагдсан бөгөөд “Ус суваг ашиглалтын газар”-ын материаллаг бааз дээр тулгуурлан орон сууц ашиглалтын нэг контор, хоёр анги, хот тохижилтын газрын зарим хэсгийг нэгтгэн байгуулагдсан. Одоо хотын 395 аж ахуйн нэгж байгууллага, гэр хорооллын 26.0 мянга орчим иргэд, орон сууцны 3590 өрхийн 8000 орчим оршин суугчдыг хэрэгцээний халуун, хүйтэн ус, дулаанаар хангах, гарсан бохир шингэнийг байгаль орчинд халгүйгээр татан зайлуулж цэвэрлэх үүрэг зорилтоо хэрэгжүүлэн ажиллаж байна Дулаан түгээх, Дулаанаар зохицуулалттай хангах, Усны тоолуур суурилуулах, засварлах зэрэг тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Цэвэр ус хангамжийн алба нь гүний 8 худаг, төмөр шүүх станц, ус ариутгах төхөөрөмж, 6000 м3 багтаамж бүхий ус нөөцлөх сав, хоногт 28300 м3 ус дамжуулан шахах хүчин чадал бүхий хангамжийн нэгдсэн цогцолбороор 47.5 км ус түгээх шугамаар хотыг цэвэр усаар тасралтгүй хангаж байна. Хотын цэвэр ус хангамжийн 47.5 км, бохир усны 25.1 км, орон сууцны 62 км нийт 134.6 км шугам сүлжээ, том жижиг нийлсэн 52 нэгж байна. Гэр хорооллын иргэдийн усан хангамжийн зориулалтаар цэвэр усны шугамд холбогдсон 20, зөөврийн 12 усан сан ажилладаг.

Цэвэрлэх байгууламж


Хэрлэн сум нь механик цэвэрлэх байгууламжтай. 1969 онд ашиглалтад орсон шүүх талбай 110 га, 12 тунгаагууртай, 2 элс баригч гэсэн механик шүүлтүүрээс бүрдэнэ. Чойбалсан хотоос 6.5 км зайтай 500 м диаметртэй 2 хос даралтын шугамтай. Нийт шугамын урт 13 км, одоогийн байдлаар 2 км шугамыг хуванцар хоолойгоор солиод байна. 10 кВт-ын агаарын шугам татаж эрчим хүчний асуудлаа шийдвэрлэсэн. Төмөр шүүх байгууламж 1989 онд ашиглалтад орсон, хоногт 10000 м3 ус шүүх хүчин чадалтай. Одоогийн байдлаар хүчин чадлынхаа 50 хувийг ашиглаж байна. Ус шүүх 5 фильтр, угаасан усаа эргүүлэн ашиглах 2000 м3-ийн багтаамжтай усан сан бүхий дахин дамжуулах станц, бохирын 4 карт, D1200 маркийн угаалгын 2 насос, элс угаах талбай бүхий нэгдсэн цогцолбор юм.

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга байгууламж


1 дугаар сургууль


Тус сургуулийн барилга нь 1969 онд ашиглалтад орсон, тоосгон хийц бүхий 1280 м2 талбайтай, хичээлийн байрны зориулалтын барилга. 960 хүүхдийн багтаамж бүхий уг барилгад 1520 хүүхэд хичээллэж байна.  

Хан-Уул цогцолбор сургууль


Тус сургууль нь хичээлийн байр, суралцагчдын дотуур байр, спорт заалны барилга бүхий 8 обьектоос бүрддэг. Сургуулийн барилгууд нь 1939-1978 онд ашиглалтад орсон, нийт 3991,7 м2 талбайтай, модон болон чулуун хийц бүхий барилгууд байна.

6 дугаар сургууль


Тус сургуулийн барилга нь 1996 онд ашиглалтад орсон, тоосгон хийцтэй, 2794 м2 талбайтай. Хичээлийн байрны зориулалтын барилга биш бөгөөд одоогоор 540 гаруй суралцагчтайгаар сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааг эрхэлж байна. Хичээлийн байрыг өргөтгөх шаардлагатай.

Шинэ хөгжил цогцолбор сургууль


10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах тус сургууль нь цэцэрлэг, бага сургууль, бүрэн дунд болон ахлах сургууль гэсэн 2 обьект бүхий барилгатай. Хуучин хүнсний үйлдвэрийн барилгыг хичээлийн байрны зориулалтаар засварлаж 2005 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

12 дугаар сургууль


2013 оны 02 дугаар сард ашиглалтад орсон.Барилгын нийт талбай нь 3286,5 м2.

2 дугаар цэцэрлэг


Тус цэцэрлэгийн барилга нь 2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтад орсон. Одоогоор 150 хүүхэд, 6 бүлэгтэйгээр сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа эрхэлж байна.

4 дугаар цэцэрлэг


Сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байгуулагдаж 2012 онд ашиглалтад орсон. Улсын төсвийн 742,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан уг цэцэрлэг нь 720 м2 талбайтай, одоогийн байдлаар 150 гаруй хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна

6 дугаар цэцэрлэг


Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар цэцэрлэг нь 100 хүүхдийн ортой. Цэцэрлэгийн барилга нь 1962 онд ашиглалтад орсон, 386 м2 талбайтай, чулуун барилга. 

10 дугаар цэцэрлэг


Хэрлэн сумын 9 дүгээр багт байрлах цэцэрлэг нь 10 бүлэг 350 хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Хүүхдийн цэцэрлэгийн зориулалтын барилга бөгөөд 1969 онд ашиглалтад орсон, тоосгон хийцтэй, нийт 1500 м2 талбайтай. Сантехникийн шугамд хэсэгчилсэн засвар үйлчилгээ хийгдсэн боловч дулаан, бохирын шугамыг бүрэн шинэчлэх шаардлагатай байна.

12 дугаар цэцэрлэг


7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар цэцэрлэгийн барилга нь 1982 онд ашиглалтад орсон, 810,3 м2 талбайтай, тоосгон хийц бүхий барилга. Цэцэрлэг нь анх 90 хүүхдийн ортойгоор байгуулагдсан боловч хамран сургах тойргийн хүүхдийн тооноос хамааран хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлэн ажиллаж байна. 

Мэргэжилтэй ажилчин бэлтгэх сургууль


Политехник коллеж Тус сургууль нь 4 дүгээр багт байршилтай, одоо 7 мэргэжлээр 897 суралцагч суралцаж байна. 1973 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжтай. Тус сургууль нь сургуулийн төв байр, Мастерын газар, Үйлчилгээний нэгдсэн байр, Оюутны байр, Багш ажилчдын байр, Граж 1 ба 2 зэрэг барилга байгууламжаас бүрдэж байна.

Дорнод дээд сургууль


960 суудалтай сургуулийн барилга, одоогоор 1000 гаруй оюутан суралцаж хүчин чадлаа бүрэн ашиглаж байгаа. 1976 онд ашиглалтад орсон, тоосгон хийцтэй, хичээлийн байр, оюутны дотуур байр бүхий 4 обьектоос бүрддэг. Оюутны 2 байранд 150 оюутан амьдарч байна. Оюутны 3 дугаар байранд аймгийн зарим агентлаг, хэлтсүүд байрлаж байгаа бөгөөд сургуулийн зүгээс уг байрыг эргүүлэн авч ашиглах саналтай байна.

Зүүн бүсийн оношлогоо эмчилгээний төв


1926 онд Хан Хэнтий уулын аймгийн Баянтүмэн Хан-Уулын хошууны Санбэйсийн хүрээ /одоогийн Чойбалсан хот/-нд Зөвлөлт Орос улсаас уригдаж ирсэн эмч А.И.Брожок, хэлмэрч сувилагч Н.Доржсүрэнгийн хамт 15 ортой эмнэлэг байгуулагдсанаар эхэлсэн түүхтэй. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Сайн засаглал хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 2001 оны 194-р тогтоолоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн боловсон хүчин , материаллаг баазад тулгуурлан бүс нутгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор байгуулагдсан. Зүрх судас, эх нярай, эмгэг судлал, дүрс оношлогооны чиглэлээр алсын зайн тусламж үйлчилгээг хөгжүүлж, Улаанбаатар хотын ШКТЭ-ийн Зүрх судасны төв, ЭХЭМҮТ-ийн алсын зайн оношлогооны баг, эмгэг судлалын төв, SST-ийн төслийн баг, Бельги улсын Брюсселийн Их сургуулийн эмнэлэг, БНСУ-ын Инчоны Их сургуулийн АНАН эмнэлгийн профессор, багш, зөвлөх эмч нартай шууд харьцаж оношлогоо эмчилгээний асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна. БОЭТ нь 2012 онд 469 орон тоотой, 4 клиник, 24 үзлэгийн кабинет, 24 тасаг нэгжтэй, 322 ортой ажиллаж, их эмч 84 үүнээс нарийн мэргэжлийн эмч 73 (89.6%), ерөнхий мэргэжлийн их эмч 11, үүнээс 7 эмч резидентэд суралцаж байгаа бөгөөд сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн 214 ажиллаж байна.

Хөгжимт драмын театр


Улсын төсвийн 4,0 тэрбум төгрөгийн санхүүжилтээр шинэ барилгатай боллоо. Ингэснээр соёл урлагийн байгууллагын ажиллагсдын ажиллах орчин нөхцөл сайжирч, хөдөөгийн хүн амд хүргэх соёлын үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдсэн. Тус барилга нь орчин үеийн шийдэл бүхий, эргэдэг тайзтай зэрэг олон давуу талтай бөгөөд хөгжим, бүжиг, дуу ангийн бэлтгэлийн өрөө, 600 хүний суудалтай концертын танхим, хувцасны өрөө зэрэг мэргэжлийн театрт байх бүхий л нөхцөлөөр хангагдсан байна. 

Ажиллах хүч салбараар


Хот байгуулалт газрын харилцаа


Хэрлэн сумын төв нь Засаг захиргаа - хот тосгон – үйлдвэрлэл - хөдөө аж ахуй давамгайлсан суурин юм. Сумын /Чойбалсан хот/ хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2005 онд улсын төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн жилд нэмэгдсээр байна. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн 2012 оны байдал: Тариалангийн газар 296.6 гаБарилга байгууламжийн дэвсгэр газар 2090.1 га Нийтийн эдэлбэрийн газар 314.6 га Үйлдвэрийн газар 66 га Уурхайн газар 393.6 га Гэр, орон сууцны хашааны газар 1082 га 2012 оны байдлаар 14996 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 1055 га газрыг өмчлүүлэх тухай шийдвэр гарч, зохих шийдвэрийн дагуу газар өмчилж авсан байна. Тус сумын нутаг дэвсгэр нь үйлдвэржсэн, барилгажсан хотын эрх зүйтэй тул зөвхөн Хэрлэн голын урд хэсэгт байрладаг 2, 3, 5 дугаар багийн нутаг дэвсгэрийг бэлчээр, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тарих, ногоон байгууламжийн үржүүлгийн газар байгуулах зориулалтаар ашиглахаар ажиллаж байна.

Засаг даргын тамгын газар


Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газарт удирдах улс төрийн албан хаагч 2, төрийн захиргааны ажилтан 14, төрийн үйлчилгээний ажилтан 14 тус тус ажиллаж байна. Хотын Захирагчийн ажлын албанд 4, Захиргаа удирдлагын хэлтэст 10, Санхүүгийн тасагт 4, Аж ахуй, үйлчилгээний албанд 14 албан хаагч тус тус ажиллаж байна. Тус сум нь 10 багтай, 10 багийн Засаг дарга, багийн ажилтан бүгд 30 хүн багийн ажлын албанд ажилладаг. Багийн Засаг дарга, түүний ажлын албаны ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор сүүлийн жилүүдэд 2 багийг ажлын байртай болгоод байна. Сумын Засаг даргын Тамгын газрын барилга нь 1973 онд ашиглалтад орсон, тоосгон хийцтэй, 2300 м2 талбайтай бүхий орон нутгийн өмчийн барилга юм. Барилгын хувьд сантехникийн их засварт орж байгаагүй, дулаан, цэвэр, бохир усны шугамыг иж бүрнээр нь шинэчлэх шаардлагатай.

Сумын сор бүтээгдэхүүн


СҮҮН ХУРУУД Сүүн хурууд нь уураглаг бүтээгдэхүүн бөгөөд сүүний уургийг ямар нэгэн ээдүүлэгч бодис хэрэглэлгүйгээр өөрөөр нь ялгаруулан авч дулааны боловсруулалт хийж, хэвлэж, хатаасан бүтээгдэхүүн юм. Монгол улсын “Шилдэг 99-н бүтээгдэхүүн”-ээр шалгарсан “Үлэмжийн чанар” батламж, ногоон шошгийг савалгаандаа хэрэглэх эрх авч бүтээгдэхүүндээ хэрэглэж байна.

Сумын сор бүтээгдэхүүн


“Анчир” ХХК нь Хөх монгол виски1995 онд хүнсний үйлдвэрлэл, гадаад дотоод худалдаа, авто зам, гүүр угсралтын засвар, зам барилгын материалын үйлдвэрлэл, автомашин механизмын засвар, үйлчилгээ зэрэг үйл ажиллагаа эрхлэх зорилгоор байгуулагдсан. 1999 оноос хойш архи, дарсны үйлдвэрлэл явуулж “Чойбалсан”, “Маршал”, “Мэнэнгийн тал” цагаан архи, “Алтан гагнуур” эмчилгээний хандмал архи, “Хөх Монгол” виски, “Ононгийн шугуй” дарс, “Гоо марал” ликёр зэрэг стандарт эрүүл ахуйн шаардлага хангасан 7 нэр төрлийн бүтээгдэхүүнийг 9 төрлөөр савлаж хэрэглэгчдэд хүргэж байна. 2007-2008 оны аймгийн бизнес эрхлэгчдийн анхдугаар чуулганы Шилдэг бүтээгдэхүүн шалгаруулалтаас “Ононгийн шугуй” дарс нь “Дорнод брэнд-2007” батламж, ”Эрүүл хүнс чанартай бүтээгдэхүүн-2007” үзэсгэлэн худалдаанаас “Шилдэг архи, дарс үйлдвэрлэгч” өргөмжлөлөөр тус тус шагнагдсан.

Сумын сор бүтээгдэхүүн


ЗӨГИЙН БАЛ Энэхүү төв нь 1997 онд ХААИС-ийн Дорнод бүсийн салбар болон байгуулагдсан. Хөдөө аж ахуйн салбарыг тогтвор суурьшилтай хөгжүүлэ судалгаа эрдэм шинжилгээний ажил хийх, мал сүрэг, таримал ургамлын шинэ болон нутагшсан сортын үрээр хангаж үйлдвэрлэл эрхлэгчдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх чиглэлээр ажилладаг. Эрдэм шинжилгээний хүрээлэн зөгийн аж ахуйг олон жилийн турш амжилттай эрхэлж байна. Зөгийн бал нь хүний бие махбодид хэрэгцээтэй үл орлогдох амин дэмээр баялаг учир Монгол улс төдийгүй хөрш зэргэлдээ улс орнуудын ард түмний таашаалд нийцсэн брэнд бүтээгдэхүүн болж чадсан.

Сумын сор бүтээгдэхүүн


НООС, НООЛУУРАН БҮТЭЭГДЭХҮҮНТус компани нь 2000 оноос тэмээний ноосон эдлэл үйлдвэрлэж эхэлсэн. 2008 онд технологийн шинэчлэл хийж бүх төрлийн ноос, ноолууран бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн худалдаанд нийлүүлэх болсон. Тус компаний бүтээгдэхүүн нь хүний биед эвтэйхэн, чийг татахгүй дулаахан байдгаараа онцлог, цэвэр 100% тэмээний ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг

Сумын хөшөө дурсгал


Зөвлөлтийн нисэгчдийн хөшөөЗөвлөлтийн нисэгчдийн хөшөө нь Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрладаг. 1939 оны Халхголын байлдаанд баатарлаг  гавьяа байгуулж, амь үрэгдсэн ЗХУ-ын нисэгчдийн гэгээн дурсгалд зориулж уг хөшөөг Халх голын түүхт ялалтын 25 жилийн ой буюу 1964 онд байгуулсан. Энэхүү байлдааны үед Халхголын тэнгэрт Орос, Японы 700 шахам онгоц агаарын хүчний тулаанд орж байсан нь түүхэнд хамгийн олон онгоц тулалдаж байснаар тэмдэглэгдсэн байдаг. Халхын голын дайны үед энэ Бунхан толгойн ард Зөвлөлтийн нисэх хүчний анги байрлаж байсан юм. Энэ ангиас ЗХУ-ын анхны хошой баатрууд Г.П.Кравченко, С.И.Грицевец, Я.В.Смушкевич,болон ЗХУ-ын баатар М.Ф.Бурмистров нарын олон алдар цуутан төрсөн байдаг.

Сумын хөшөө дурсгал


Монгол дайчдын хөшөө Монгол дайчдын хөшөө нь Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт оршдог, Зөвлөлт, Монголын дайчид 1939 онд Халхын голын бүс нутагт милитарист Японы түрэмгийлэгчдийг бут цохисон ялалтад зориулан энэхүү сүр жавхлант хөшөөг түүхэн ялалтын 50 жилийн ойг тохиолдуулан Чойбалсан хотод 1989 оны 7 дугаар сард сүндэрлүүлэн босгосон билээ. Дорнодын уудам ногоон талд цэцэг мэт ургуулан сийлсэн хаш цагаан гантигаар ялалтын хаалгыг сүндэрлүүлэн босгож, орой дээр нь алтан соёмбоо цэнхэр тэнгэрт мандуулсан юм. Ялалтын хаалганы гол тэнхлэгээс сум мэт дүүлэн, эх орныхоо дархан хил хязгаарыг баатарлагаар хамгаалсан Монгол цэрэг, дайчин эрийн дүрийг аранзан зэс морьтой сүрлэг хөшөөгөөр илэрхийлж харуулсан. Зэс морьтой хөшөөний гантиг сийлбэр хээ бүхий ялалтын хаалганы хананы дотор талд номин цэнхэр өнгөөр Халх голын урсгалыг дүрслэн харуулснаар уг хөшөөний суурин хэсэг дэх амьд байгальтай хослон манай ард түмний амьдрал мөнхжин цэцэглэхийг билэгдэн ерөөсөн юм. Хөшөөний ард талын нуман хэлбэртэй хоёр хананд дайн ба ялалт гэсэн монументаль, өнгөт мозайкаар Халх голын дайн эхэлсэн анхны өдрөөс дайн ялалтаар дуусах хүртэлх баатарлаг үйл явдлыг дэлгэн харуулжээ. Хөшөөг БНМАУ-ын шагналт архитекторч Д.Чойжилжав, Г.Цэрэндорж, уран барималч Л.Бэхбат, зураач Д.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй зохиогч хамт олны бүтээсэн төслөөр барьжээ. Аймгийн Барилгын цэргийн 030-р анги, чулуу олзворлолтын үйлдвэрийн хамт олон оролцон, барьж байгуулсан. Хөшөөний баруун зүүн талд 1939 онд байлдаан болж байсан Ремизовын өндөрлөгөөс зүүн урагш 1.5 км –т хөрсөн доор байсан БТ- 7 танкийг авчран байрлуулсан байна.

Сумын хөшөө дурсгал


Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах танкит хөшөөг Халх голын байлдааны ялалтын түүхт 41 жилийн ойгоор эрэлхэг дайчин цэргүүдийн гэгээн дурсгалд зориулан босгосон.

Сумын хөшөө дурсгал


ЗХУ-ын баатар пионер Зоя Космодемъянскаягийн хөшөөХэрлэн сумын 9 дүгээр багийн нутагт орших ЗХУ-ын баатар пионер Зоя Космодемьянскаягийн хөшөөг БНМАУ-ын АИХ-ын 1971 оны 17-р зарлигаар Дорнод аймгийн 1-цэцэрлэгийг өмнө босгож тус цэцэрлэгийг Зоя Космодемьянскаягийн нэрэмжит болгосон. 1980 онд Чойбалсан хотод ажиллаж байсан. Орос барилгын цэргийн ангийн Галина,Чубрина нарын гэр бүлийн барилгачид Зоя Космодемьнскаягийн хөшөөг барьж байгуулсан нь одоо хүртэл тус цэцэрлэгийн хашаанд сүндэрлэж байдаг.

Сумын хөшөө дурсгал


Бурхан буддын цэцэрлэгт хүрээлэнХэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт орших хиймэл нуурыг 2005 онд амралт чөлөөт цаг, зугаалгын цэцэрлэгт хүрээлэн, цогцолбор болгох ажлыг эхлүүлсэн. Тус цэцэрлэгт хүрээлэнд байрлах Бурхан багшийн баримлыг бүтээн Монголын бурхан шашны төвийн тэргүүн, Гандантэгчэнлин хийдийн их хамба лам, гавж Д.Чойжамц аравнайлан 2007 онд ашиглалтад оруулсан. Бурхан буддын цэцэрлэгт хүрээлэн нь хотын иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх нэгэн гол газар болоод байна.

Сумын хөшөө дурсгал


Өүлэн эхийн хөшөөХэрлэн сумын 7 дугаар багийн нутагт байрлах Өүлэн эхийн хөшөөг 2003 онд бүтээжээ. Уг хөшөөг уран барималч Баяндүүрэн урлажээ. Өүлэн эхийн хөшөө нь хотын иргэд төдийгүй, гадаад, дотоодын элч, төлөөлөгчид, аялал жуулчлалынхан ихэд сонирхдог хөшөө болоод байна. Тус хөшөөн дээр ийнхүү бичсэн байдаг. Хонхираадын Дай сэцэний охин Бөртэ үжин бол Чингис хааны авааль хатан бөлгөө. Тэмүүжин 9 настай, Бөртэ 10 настай байхад анх сүй тавьсан. Тэмүүжинг 17 настайд тэд эхнэр, нөхөр болон гал голомтоо асаажээ. Бөртэ хатан 3үчи, Цагаадай, Өгөдэй, Тулуй дөрвөн хөвгүүн, Тэмүлэн хэмээх охин төрүүлжээ. Бөртэ хатан бол Чингис хааны дөрвөн хатны манлай, дотно зөвлөгч байсан.

Сумын хөшөө дурсгал


Хэрлэн голын тахилгаМонголчууд Манжийн дарлалаас гарсны дараа Манж хошууны нэрнээс салахын тулд өөр өөрийн нутагт байгаа тахилгатай уул, усныхаа нэрсийн жагсаалтыг ирүүл гэсэн бичгийг Гадаад хэргийн бүхнийг шийдэх Яамнаас хошуу болгонд явуулсан ба Ачит вангийн хошуунд тэр үед гарсан тахилгатай уул 37, ус 6 гээд бүгдийг нь нэрлээд албан тоотын хариуг явуулсан байдаг. Дээрх албан бичигт дурдагдсан тахилгатай уснуудад Хэрлэн гол, баруун Жанчинхорлоо, Жан садрал, Мөнхийн Бүрд, Зүүн түрмийн цагаан талбай, Хоёр мэлхийт гэсэн зургаан усыг нэрлэсэн байна. Эдгээр зургаан усыг газрын зургаас харвал Хоёр мэлхийт нь тусдаа нуур, бусад нь Хэрлэн голдоо байх юм. Баруун Жанчинхорлоо гэж Зүүн дөрөөгийн ойр орчим Бөгтөр харын рашааныг хэлж байгаа юм байна. Ер нь Хэрлэн голоо салгаж нэрлээд дөрвөн удаа тахидаг байсан байна. Хэрлэн голыг тахихад Лүвэнжалбуу хэмээх бурхныг чулуугаар урлан тахих ёстой байдаг байна. Лүвэнжалбуу гэж лусын бурхан. Энэ бурхан дотроо арав гаруй төрөл байдаг аж. Түүн дотроос нь манай Хэрлэн голд таарах нь маш их дөлгөөн хамгийн том бурхан нь юм. Бурхан багш шиг цагаан мөртэй, хөх биетэй, улаан жанчтай байдаг. Хэрлэн голыг тахихад лусын буулттай өдрийг харан тахидаг ба мах шүүс, архи хэрэглэж болохгүй. Мөн морь уралдуулж бөх барилдахыг цээрлэдэг. Морь уралдуулахад амьтан амьсгаадаж, хүүхэд зовооно гэж үздэг учраас тэр юм байна. Цагаан эсгий дэвсээд цагаан идээгээр Хэрлэн голыг тахидаг. Ингэхдээ дөрвөөс олон лам ном унших журамтай. Бөгтөр харын рашаан хөрснөөсөө дээшээ дөрвөн хуруу хэртэй зузаан байдаг. Ийм гүехэн атлаа өвөл хэдэн ч хэмийн хүйтэнд хөлддөггүй. Энэ рашааныг төмөр саваар утгаж болохгүй, мод шаазан шилэн саваар утгах ёстой юм. Хэрлэн голыг тахихад шимийг хөнддөг бумба байх ёстой. Жил гаруйн өмнө Гүнэг гэдэг лам Утай Гүмбэнгээс Хэрлэн голд зориулж бумба авчирчээ. Энэхүү бумбаа рашааны эхэнд булж овоогоо босгосон байдаг.

Сумын онцлог


1939 оны Халх голын ялалтын 70 жилийн ойгоор Чойбалсан хот ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН-гоор шагнагдсан юм. Үүнтэй холбогдуулан жил бүрийн 09 дүгээр сарын 28-ны өдрийг “Алдар гавьяаны баярын өдөр”, Чойбалсан хотын өдөр болгон тэмдэглэж байна. Чойбалсан хот /Хэрлэн сум/ нь Дорнод аймгийн төв төдийгүй Зүүн бүсийн хөгжлийн тулгуур төв, Монгол улсын томоохон хот болохын хувьд аймаг, бүс, улсынхаа эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал байр суурь эзэлнэ. Монгол улсын Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1 дүгээр бүлгийн 7 дугаар хэсэгт Чойбалсан хотыг улсын зэрэглэлтэй хот болгох асуудал тусгагдсан. Байгалийн үзэсгэлэнт болон түүх дурсгалын газрууд, стратегийн ач холбогдолтой болон үнэ цэнэтэй ашигт малтмалын ордууд, хадлан, бэлчээрийн арвин их нөөц, нутаг дэвсгэрийн аятай таатай нөхцөл нь Дорнод аймгийн хөгжлийн үндэс бөгөөд үүний зэрэгцээ гадаад харилцааг хөгжүүлэх хилийн олон боомтууд, зам харилцаа, газар зүйн ашигтай байршил, Чойбалсан хотын инженерийн дэд бүтцийн хөгжлийн давуу талыг ашиглан экспортын баримжаатай үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг өргөжүүлэх, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулалтаас орон нутгийн хөгжилд үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэхэд төр, орон нутгаас онцгой анхаарч байна. Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын төрөл бүрийн эх үүсвэрээр орон сууцны барилга, хот байгуулалтын өнөө үеийн шаардлага хангахуйц олон тооны бизнес үйлчилгээний төвүүд баригдаж, иргэд, ААН, байгууллага бүр бүтээлчээр ажиллаж хотынхоо хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна. Үүний үр дүнд 2007 онд Чойбалсан хот маань улсад “Бүтээлч хот”-оор, Чойбалсан хотын “Таван чадан” ХХК-ийн Чадангууд цогцолборын барилга улсын “Шилдэг барилга байгууламж”-аар, 2010 онд “Ногоон хот”-оор, 2011 онд “Бүсийн бүтээлч хот”-оор тус тус шалгарч байсан.