217.7 мянган га газар нутагтай. Монгол алтайн нурууны хярыг даган байрлах ба газар нутаг нь өндөр уулсын хоорондын хөндийн дагуу байрладаг. Далайн түвшнээс дээш 2400 метр өндөрт оршин бөгөөд Монгол улсын суурин цэгүүдээс хамгийн өндөрт оршдог. Цаг агаарын эрс тэрс уур амьсгалтай. Хамгийн өндөр цэг нь “Хөх хавцлын хяр” 4015 м, Хамгийн нам цэг нь Цагаанбургас багийн “Морин замын ам” 1760 метрт байдаг.
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн татварын нийт орлого нь 56.4 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 15.0 сая төгрөг, сумын өөрийн орлого 0.5 сая төгрөг байна. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 251.0 сая төгрөг байна. Нийт зардлын 65 хувь нь цалин, 4.0 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 30 хувийг урсгал шилжүүлэг, 1 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 28 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж улсын төсөвт 1.0 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.
Мал сүргийн бүтэц2012 оны эцэст сумын хэмжээнд 87004 толгой мал тооллогдсоноос 61 тэмээ, 1501 адуу, 4465 үхэр, 37281 хонь, 43696 ямаа байна. Сумын хэмжээгээр нийт цэвэр эрлийз үүлдэр 840, цөм сүрэг 5300 толгой мал тоологдсон нь нийт малын 7.05 хувь болж байна. 371 малчин өрх, 54 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 3,5 хувийг эзэлж байна.
Аймгийн төвөөс сумын төв хүртэл 76 км зайд шороон замаар холбогдсон бартаа ихтэй жил бүр иргэдийнхээ хүчинд тулгуурлан засаж сайжруулдаг боловч бороо, үерийн уснаас эвдрэл байнга гардаг. Багуудын нутаг дэвсгэр дахь замууд нь хад асга чулуу ихтэй машин техник явахад хүндрэлтэй. Багийн иргэд өөрсдийн хүчээр жил бүр 10 орчим км замыг засаж сайжруулдаг.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 1 худгаар иргэд хэрэгцээгээ хангаж байгаа боловч уг худаг нь усны хатуулаг ихтэй учир эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа. 2004 онд ус цэвэршүүлэх төхөөрөмж тавьсан боловч 2007 онд эвдэрч одоо хатуулаг ихтэй ус хэрэглэж байна. Төвлөрсөн усан хангамжийн системд албан байгууллага аж ахуйн нэгж, айл өрхүүд холбогдож чадаагүй.
Орон сууцын хангамж муу. Сумын Тамгын газрын харьяа 2 айлын орон сууц байгаа боловч хуучирч муудсан, ямар ч засвар үйлчилгээ хийгдээгүй болно. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй. Сумын төвийн өрхүүдийн 50-55 хувь нь хувийн орон сууцанд бусад нь гэрт амьдарч байна.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 12 бүлэгт 232 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 27 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 97,3 хувь, суурь боловсролын хамран сургалт 98,6 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 90 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх сургалтанд нийт 17 багш хамрагдсан байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй 54 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 2.5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 22.3 хувийг дээд, 9.2 хувийг бүрэн дунд, 68.5 хувийг бүрэн бус дунд, хүмүүс тус тус эзэлж байна.
Тус суманд сургууль, сургуулийн дотуур байр, цэцэрлэг, ЗДТГ-ын барилга, соёлын төв, эрүүл мэндийн төв гэсэн барилгууд байдаг бөгөөд эдгээр нь олон жилийн өмнө баригдсан тул элэгдэлд орж, муудсан. Тухайлбал, уур амьсгалын нөхцөл байдлаас болж, сургуулийн барилга мөөгөнцөртсөн тул хүүхэд суралцах боломжгүй болоод байна. Мөн соёлын төвийн барилга үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул, шинээр барилга барих шаардлагатай. 2012 онд 720 сая төсөвт өртөгтэйгээр хүүхдийн цэцэрлэг баригдсан.
Одоогоор суманд хэрэгжиж буй ямар нэгэн төсөл хөтөлбөр байхгүй. Өмнөх жилүүдэд Тогтвортой амьжиргаа II төсөл хэрэгжиж багуудын төвд өвс тэжээлийн агуулах, мал угаалгын ванн, төсөвт байгууллагын тохижилт үйлчилгээ, рашаан булгийн эх тохижуулах, зам засах зэрэг бодит ажлуудыг хийж үр дүнд хүрсэн.
Сумын нутаг дэвсгэрт улсын бүртгэлтэй хөшөө дурсгалт газрууд байхгүй боловч орон нутгийн хамгаалтанд авсан түүхийн дурсгалт газрууд олон байна. Орон нутаг дахь Нэвтийн рашаан амралтыг 2008 оноос сэргээн засварлаж тохижуулан ажилласанаар сүүлийн жилүүдэд амрагчдын тоо нэмэгдэж рашаан усны эхүүдийг хамгаалж шинжилгээ дээжийг тогтоосон. Цаашид байгалийн үзэсгэлэнт газруудын талаар цахим хуудас нээж гадаадын болон дотоодын аялагчдыг үзэсгэлэнт газруудаар аялуулах зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Тус сумын иргэд нь урианхай үндэстэн бөгөөд урианхайн туульс, урианхай сурын харваа зэрэг үндэсний зан заншлаараа алдартай. Иймд цаашид аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжих бүрэн боломжтой.
Боловсрол: | 0.673974000 |
Эрүүл мэнд: | 0.801710000 |
Эдийн засаг: | 0.240404285 |
Бусад: | 0.728660000 |
Дэд бүтэц: | 0.312500000 |
Байгаль орчин: | 0.833335000 |
Ямарч улиралд эрс тэрс уур амьсгалтай хамгийн хүйтэн нь 32.9С0 хүрдэг. Хуурайдуу сэрүүн, хаврын болон намрын улиралд хавсарга хүйтэн салхи ихтэй, зарим үед салхины дээд хурд 18 м/с хүрдэг. 9, 10 сард цас орох нь элбэг тохиолддог. Сумын Тамгын газрын харьяа цаг уурын ажиглагч нэг орон тоогоор ажилладаг цаашид цаг уурын өртөө байгуулан ажиллах шаардлагатай1 дүгаар сарын дундаж температур- -307 дугаар сарын дундаж температур +13.7 жилийн дундаж салхины хурд 0.4 м/сжилийн хур тунадасны нийлбэр 105.8 мм
Нийт газар нутгийн хэмжээ 217700 га.байна.
Сумын нутаг дэвсгэрт газар тариалан эрхлэн явуулахад байгаль цаг уураас шалтгаалан бэрхшээл их тохиолддог. Сүүлийн жилүүдэд Цэнхэрийн голд “Нуман тамга” ТББ малчдын бүлэг хоршоо байгуулж 3.0 га талбайд төмс хүнсний ногоо тариалж иргэдийн хэрэгцээг хангаж байна. Мөн сумын төвд хүлэмж ашиглан нарийн ногоо тариалж байна. Цаашид газар тариалан эрхлэлтийг дэмжиж га-ийн хэмжээг нэмэгдүүлэх зорилт тавьж байна
2005 онд 35 квт–ын төвлөрсөн эрчим хүчинд Ховд аймгийн төвөөс холбогдож цахилгааны найдвартай эх үүсвэртэй болсон. Сумын төвийн 0.4-ын шугам муу цахилгааны алдагдал ихтэй тул 2013 оны 4 сараас эхлэн дотоод шугамыг бүрэн шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Сумын дэд станцаас Баян-Өлгий аймгийн Булган сум, Нэвтийн рашаан амралт, Цагаан бургас багийн төв холбогдсон.
Сумын төвд төвлөрсөн уурын зуух байхгүй, байгууллагууд нам даралтыг зуухаар дулаанаа хангаж байна. Дулаанаа хангахын тулд аймгийн төвөөс нүүрсээ татаж байгаа нь зардал өндөр, нэг тонн нүүрсийг 130000 төгрөгөөр худалдаж авдаг.
Суманд 12 ортой 1 эмнэлэг, 2 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 12 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.
Тус суманд соёлын төвийн барилга 1991 онд ашиглалтанд орсон бөгөөд одоо барилгын чанар маш муу, халаалт муу тул өвөл үйл ажиллагаа явуулах боломжгүй байдаг. Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн спорт зааланд бүх спортын арга хэмжээг явуулж байна. Тус суманд ахуй үйлчилгээний нэгдсэн төв байхгүй бөгөөд хувийн аж ахуйн нэгжүүд тус, тусдаа өөрсдийн байранд үйл ажиллагаа явуулдаг.
Дуут сум нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан уулын бүсийн сум юм.2010-2020 оны Сумын хөгжлийн хэтийн төлөвлөгөөг боловсруулж ИТХ-аар батлуулан мөрдөн ажиллаж байна. Сумын хэтийн төлөвлөлтийг мөрдөөгүйгээс болж шинээр баригдах барилгын газар хомс байгаа нь бэрхшээл учруулж байна. Төвийн багийн айл өрхүүд газар эзэмшилийн гэрчилгээгээ бүрэн авч, сумын кадастрын зургийг гаргаж баталгаажуулсан. 2012 оны байдлаар 116 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 25.89 га газар өмчилж, 12 аж ахуйн нэгж худалдаа, үйлчилгээний зориулалтаар 3.6 га газар эзэмшиж, албан байгууллагын эзэмшилд 4.5 га газар байна. Газар тариалангийн зориулалтаар 30 га газар эзэмшиж байна.
Сарлагийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг бүрэн дүүрэн ашиглаж ааруул, цөцгийн тос, хатаасан өрөм, бяслаг зэргийг үйлдвэр эрхлэгчид амт чанар сайтай хийж ард иргэдийг аюулгүй хүнсээр хангаж нутгийн сор бүтээгдэхүүн болгож байна.
Тус сум нь “Жижиг дунд үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлж ажлын байр бий болгон өрх нэг бүрийн орлогыг нэмэгдүүлж, нэг санаачлага хөдөлгөөн өрнүүлэн хэрэгжүүлэх” зорилго дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Бизнес инкубатор төвийг шинээр нээж жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж, ажлын байраар хангах Нэг ажлын байр-нэг сая төгрөг хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллах Дэд бүтэц, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэхэд төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж иргэдийн хамтын оролцоог дээшлүүлэх.